Tuesday, September 4, 2018

ЛЕКЦ. БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧМЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ


Этүгэн Их Сургуулийн Инженерчлэл, Эдийн Засаг-Менежментийн Сургуулийн эрхэм оюутнуудын өдрийн амгаланг айлтгая. Энэ удаагийн бидний лекцийн сэдэв бизнесийн ёс зүйн зарчмын тухай асуудал байх болно. Бие даасан шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд бизнесийн ёс зүйд зарчмын тухай асуудал томоохон байр суурь зэлдэг.
Тэгвэл зарчим гэж юуг хэлэх вэ?
Судлаачид янз бүрийн санаа дэвшүүлдэг ч бизнесийн ёс зүйн зарчим гэдгийг ашиг урлах зорилгоор үйлдвэрлэл эрхэлж, худалдаа, үйлчилгээ үзүүлэх хувь хүн, байгууллага үйл ажиллагаандаа баримталбал зохих хамгийн ерөнхий ёс зүйн хэм хэмжээний нийлбэр цогц мөн гэж үзэж болох юм.
Бизнесийн ёс зүйн зарчимд хэрхэн хандах тухайд гурван үндсэн хандлага байна. Үүнд:
          Эдийн засагч Милтон Фридманы анхлан хөгжүүлсэн уламжлалт хандлага байна. Бизнесийн үйл ажиллагаа нь бизнес эрхлэгчийн хүсэл сонирхолд тулгуурлах бөгөөд түүний эрх ашгийг хангахад чиглэгддэг үйл ажиллагаа болно гэж үздэг. Нийгмийн сайн сайхны төлөө ажиллах, хүрээлэн буй орчноо хамгаалах зэрэг нь боломжит ашиг урлах үйл ажиллагаанд саад учруулдаг. Иймд нийгмийн сайн сайхан, хүрээлэн буй орчинд анхаарах бус, ашиг олоход ач холбогдох учиртай.
          Америкийн эрдэмтэн Питэр Драйкерын гаргасан ёс зүйн хандлага гэж байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага бүр нийгмийн тодорхой бүлгийн өмнө ёс зүйн шинж чанартай хариуцлага үүрэглэдэг гэж үздэг. Нийгмийн энэ бүлэгт зохион байгуулагч, менежер, үйлчлүүлэгч, зээлдэгч, түншлэгчид, орон нутаг дахь салбарууд, төрийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, байгууллагын ажилчид багтана. Бизнесийн байгууллага хэдий чинээ нийгмийн уг бүлгийн өмнө хүлээсэн ёс зүйн хариуцлагаа ухамсарлаж, үйл ажиллагаандаа анхаарна, төдий хэрээр зорилгодоо хүрэх өөрөөр хэлбэл ашиг урлах боломж нэмэгдэнэ гэж үздэг.
             XX зууны 60, 70-аад оны үед үүссэн социаль ёс зүйн хандлага гэж байна. Курт Лэвин, Эдгар Шайн нарын эрдэмтэд хөгжүүлсэн. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага бүр нэг талаас ашиг урлаж, нөгөө талаас нийгмийн өмнө тодорхой ёс зүйн үүрэг хүлээх ёстой. Гэхдээ өмнөх хандлагаас ялгаатай нь бизнес эрхлэх байгууллагын нийгмийн өмнө хүлээсэн ёс зүйн үүрэг сайн дурын шинж чанартай гэж үзсэн.
Бизнесийн ёс зүйн зарчим гэх ойлголт АНУ-д анх бий болсон. 1924 онд АНУ-ын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимийн Бизнесийн Ёс Зүйн Хороо “Бизнес эрхлэх зарчмууд” гэсэн улсын хэмжээний ёс зүйн дүрэм боловсруулж гаргасан. Харилцан ашигтай байх, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх, эрх тэгш хандахаас үүдэлтэй итгэлцэл нь бизнес эрхлэх үндэс болдогийг уг баримтад дурдсан байна. 1950-аад оны үеэс “хүний харилцааны онол” ерөнхий нэрийн дор олон тооны номлол бий болсон. Нийгмийн түншлэл, орлогын ил тод байдал гэсэн уриа дэвшүүлэх болсон. Ингэснээр бизнес эрхлэгч байгууллагын нийгмийн хариуцлагыг бий болгоход томоохон түлхэц болсон.
Бизнесийн байгууллага дахь ёс зүйн үзэл санааны хөгжлийг эрдэмтэд дараах гурван бүлэгт ангилан авч үздэг. Үүнд:
·         1925 он хүртэл бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллах үе байсан. Үүнийг судлаачид зэрлэг капитализмын үе гэж нэрлэдэг:
·         1930-1960 он хүртэлх үе байна. Бизнесийн байгууллага ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарах болсон үе гэнэ:
·         1960-аад оноос хойш бизнесийн байгууллага байгаль орчин, нийгмийн сайн сайхан байдалд анхаарах болсон үе гэж байна.
Америкийн эрдэмтэн Г. Кэсси бизнесийн үйл ажиллагаа эрхлэх ёс зүйн таван зарчмыг дэвшүүлсэн байдаг. Шударгаар бизнес эрхлэх нь бохир аргаар бизнес аргаар бизнес эрхлэхээс илүү ашиг өгдөг болохыг тэрээр онцолсон.
       Бизнесийн дараах зарчим байж болохыг судлаачид дурдсан байна. Үүнд:
·         Бизнес эрхлэх эрүүл орчин бүрдүүлэх: Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд бизнес эрхлэх эрүүл орчин бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр бизнесийн байгууллага ёс зүйтэй байх боломж бүрдэнэ. Эрүүл орчин бүрдээгүй бол бизнесийн байгууллага ёс зүйтэй байх боломжгүй гэж үздэгт энэ зарчмын мөн чанар оршино.
·         Засгийн газар, бизнесийн болон төрийн бус байгууллага хамтран ажиллах зарчим байна: Ингэснээр бизнес эрхлэх таатай орчин бүрддэг байна.
·         Бизнес эрхлэгчийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зарчим байна. Ямар тохиолдолд бизнес эрхлэгч нийгмийн хариуцлагатай байх вэ? Энэ асуудалд судлаачид харилцан адилгүй байр суурьтай байна. Гэхдээ нийтлэг байдал дээр нь тулгуурлан бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага гэдэгт дараах зүйлийг хамруулан авч үздэг байна. Үүнд:
1.      Чанартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлэх:
2.      Ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх:
3.      Бизнес эрхлэгч нийгмийн өмнө тодорхой хариуцлага заавал хүлээх:
4.      Улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах:
5.      Хүний хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарах:
6.      Хүмүүнлэг байдлаар бизнесээ хөтлөн явуулах:
7.      Нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхлыг хүндэтгэн үзэх зэрэг болно. Өөрөөр хэлбэл, эдгээрийг хангасан байгууллагыг бизнесийн ёс зүйтэй гэж үзэх тухай эрдэмтэд онцолсон байна.
·         Ихийг бүтээх, шинийг санаачлах, шударга аргаар ашиг бүтээх зарчим байна. Бизнесийн үйл ажиллагаа ашиг бүтээхэд голлон чиглэж янз бүрийн арга хэрэглэдэг ч урт удаан хугацааны туршид оршин тогтнохын тулд ёс зүйтэй байх хэрэгтэй гэдэгт энэ зарчмын мөн чанар оршино.
·         Ил тод, шударга арга замаар өрсөлдөхийг эрхэмлэх зарчим байна. Ингэснээр бизнесийн байгууллагын боломж, бололцоо улам бүр дээшилдэг байна.
·         Том болон жижиг бизнесийн байгууллага хамтран ажиллах зарчим байна. Ингэснээр үр ашиг, улмаар бүтээмж сайжирдаг гэдгийг судлаачид онцолсон байна.
·         Хэрэглэгчдийн эрх ашиг, сонирхлыг хангах, хамгаалах зарчим байна. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд бизнесийн байгууллагын зүгээс баримтлах гол зарчим нь хэрэглэгчдээ дээдлэх явдал юм. Хэрэглэгчдээ дээдлэх замаар ашиг урлах, илүү ихийг олох боломжтой болдогт шалтгаан оршино.
·         Харилцагчдын ашиг сонирхлыг хамгаалах зарчим байна. Бизнест итгэлцэл гол бөгөөд итгэлцэл үгүй нөхцөлд амжилтанд хүрэх магадлал тэгтэй тэнцдэг юм. Иймд итгэлцлийг бэхжүүлэх үүднээс харилцагчдын ашиг сонирхлыг хамгаалж байх шаардлага урган гарна.
·         Байгаль орчинтой зөв харьцах, ашиглах зарчим гэж байна. Хүний хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй ашиглах замаар хангахыг эрмэлздэг нь бизнесийн байгууллагын онцлог юм. Иймд байгаль орчинтой зөв харьцаж, ашиглах зарчим онцгой ач холбогдолтой болно.
·         Бизнесийн үйл ажиллагааг дэмжих холбоо бий болгох зарчим байна. Ийм холбоо байхгүй байх нь бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.
·         Бизнесийн байгууллага ажилчдаа хөгжүүлэхэд анхаарах зарчим байна. Ажилчид бол аливаа байгууллагын гол нөөц юм. Бусад нөөцөө бодвол хүртээмж өндөртэй байдгаараа хүний нөөц онцлогтой. Иймд хүний нөөцийг үр дүнтэй сурган боловсруулах, тасралтгүй хөгжүүлэх тогтолцоо байгууллагын дотоодод бий болгох замаар бизнесийн байгууллага ашгаа нэмэгдүүлэх бололцоотой байдаг (Оюунчимэг 2012, 175-184). Энэ удаагийн лекцийг үүгээр өндөрлөе. Эрхэм оюутан сурагчид хичээн суралцах буйзаа.

Ашигласан эх сурвалж

Оюунчимэг, Б. Бизнесийн ёс зүй: Сурах бичиг. Нэмж, засварласан хоёр дахь хэвлэл, Улаанбаатар хот : "Сод Пресс" ХХК, 2012.

БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

1 comment:

  1. "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

    ReplyDelete

"БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ" ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТЫН СЭДЭВ

Этүгэн их сургуулийн Инженерчлэл, Эдийн Засаг-Менежментийн Сургуулийн 2, 3-р ангийн оюутнуудад “Бизнесийн ёс зүй” хичээлээр судлах бие даа...