Sunday, September 9, 2018

"БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ" ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТЫН СЭДЭВ


Этүгэн их сургуулийн Инженерчлэл, Эдийн Засаг-Менежментийн Сургуулийн 2, 3-р ангийн оюутнуудад “Бизнесийн ёс зүй” хичээлээр судлах бие даалтын сэдэв:
·         Бизнес ба ёс зүй:
·         Бизнес ба ёс суртахуун:
·         Бизнес ба мэргэжлийн ёс зүй:
·         Бизнесийн үйл ажиллагааны мөн чанар:
·         Бизнесийн ёс зүйн үүсэл хөгжил:
·         Бизнесийн ёс зүйн зарчим:
·         Олон улсын бизнесийн ёс зүй:
·         Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага:
·         Байгаль орчин ба бизнес:
·         Өрсөлдөөн ба бизнес:
·         Бизнесийн нууцийн тухай ойлголт:
·         Авлига ба бизнес:
·         Бизнесийг амжилтанд хүргэх нууц:
·         Бизнес ба төрийн алба:
·         Бизнесийн нийгмийн хариуцлагын төлөвшил:
·         Бизнес ба улс төр:
·         Бизнес ба лоббизм:
·         Бизнес ба улсын эдийн засаг:
·         Бизнес ба хүний мүс чанар:
·         Бизнес ба хувь хүний авьяас чадвар:
Жич: Лекцийн бичвэрт ашигласан агуулгыг бие даалтын агуулгад оруулахгүй болохыг анхаарна уу. Багштай холбогдох шуудангийн хаяг: otgonbayar.n@etugen.edu.mn
ХҮНДЭТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

ЛЕКЦ. АВЛИГА БА БИЗНЕС


Эрхэм оюутнуудын амрыг эрье. Бизнесийн ёс зүй хичээлийн энэ удаагийн лекцийн хүрээнд авлига гэж юуг хэлэх, нийгэм-эдийн засаг, тэр дундаа бизнесийн үйл ажиллагаанд ямар хөнөөл учруулах тухай асуудлыг авч үзэх болно.
Авлига гэж юуг хэлэх вэ?
Үг зүйн хувьд авлига хэмээх үг латин хэлний corrumpere буюу худалдан авах, арилжиж авах гэсэн үгнээс гаралтай. Шинжлэх ухааны хэрэглээнд XX зууны эхэн үеэс  нэвтэрсэн. Авлига гэж юуг хэлэх тухайд өнөөдрийг хүртэл нэгдсэн байр суурь төлөвшиж чадаагүй байна. Гэхдээ нийтлэг шинжид нь тулгуурлан дараах байдлаар тодорхойлж болох байна. Transparency International, Дэлхийн Банк болон бусад байгууллагын тодорхойлсноор авлига гэдэг нь хувь хүний амин хувийн ашиг сонирхолд нийцүүлж төрийн эрх мэдлийг ашиглах, улмаар өөрт ашигтай нөхцөлийг бий болгохыг хэлнэ. Ихэнх улс оронд авлигыг хууль бус үйлдэл хэмээн үздэг байна. Төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтныг худалдан авах үйл явцтай холбон тайлбарладаг. Авлигаас ангид улс гэж байдаггүй. Гэхдээ авлигын түвшинг бууруулж болдог байна. Макро эдийн засгийн болон улс төрийн эдийн засгийн ухааны ном зохиол, судалгааны бүтээлүүдэд авлига улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн эрх ашигт ноцтой хохирол учруулдаг болохыг дурдсан байдаг.
Түүхэн талаас авч үзвэл хүн төрөлхтний түүхэнд анх удаа авлигыг зохицуулах оролдлого одоогоос 4000 орчим жилийн өмнө Сүмбэрийн Лагаш хотын захирагч (Энси) Урукагины нэртэй холбогддог. Тэрээр НТӨ 2319-2311 онуудад улсыг захирч байсан бөгөөд ингэх хугацаандаа 2318 онд Урукагины цааз гэдгийг гаргасан байна. Албан тушаалын байдлаа урвуугаар ашиглаж хэн хүнд илт давуу нөхцөл бүрдүүлсэн болон төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтанд эд материалын дэмжлэг үзүүлж өөрт давуу байдал бий болгосон этгээдийг хүндээр гэсгээн шийтгэх тухай заасан байна. Гэхдээ эрт дээр үед авлигын асуудалд дандаа сөрөг талаас хандаж байсан уу гэвэл хараахан тийм бишээ. Авлигыг улс төрийн бодлого хэрэгжүүлэх үйл явцтай холбон үр дүнтэй арга гэж тайлбарлах хандлага бас үүсэж байжээ. Үүний нэг томоохон илрэл нь Магадха улсын тэргүүн сайд Каутилья буюу Чанакья бярманы зохиосон гэх 15 хэсэг, 150 бүлэг, 6000 шолог бүхий Артхашастир буюу Ашиг тусын тухай сургаал нэрт зохиол болно. Хаан хүн зорилгодоо хүрэхийн тулд авлигыг ашиглаж болох тухай тэрээр сургасан байна. Үүнтэй адил нөхцөлөөр авлигыг шийдвэрлэж байсан тохиолдол эртний Мисирт бий болж байсныг дурдах байна. Ромын эзэнт улсын үед XII хүснэгтийн хуульд «corrumpere» гэдгийг шүүгчид нөлөөлөл үзүүлэх, шүүгчийг мөнгөөр хахуульдах хэмээн тайлбарласан байна. Италийн эрдэмтэн Никколо Макиавэлли авлигыг тахал өвчинтэй зүйрлэн бичсэн байна. Танин мэдэхэд амаргүй ч шинэтгэн тогтооход хялбар болохыг онцолсон байна. 1787 онд батлагдсан АНУ-ын үндсэн хуулинд авлигыг гэмт хэрэг хэмээн үзэж, үүнд холбогдсон улсын тэргүүнд импичмент үзүүлж болох тухай дурдсан байна. XX зууны эхэн үеэс дэлхийн улс орнууд авлигын тухай асуудалд ихээхэн анхаарах болсон. Энэ нь тухайн үзэгдлийн төрийн албаны үйл ажиллагааны чанарт үзүүлэх нөлөөллийг тооцсон явдал байв.
АНУ-ын «Financial Times» сэтгүүл 1995 оныг авлигын эсрэг жил болгон зарласан байна. НҮБ-ын зүгээс жил бүрийн арванхоёрдугаар сарын 9 ны өдрийг авлигатай тэмцэх олон улсын өдөр болгон зарласан байдаг. 2003 онд Мексикийн нийслэл Мерида хотноо яг энэ өдөр 8 бүлэг, 71 зүйл бүхий Авлигын эсрэг НҮБ-ын Конвенци батлагдсан байна. Ингээд 2004 оноос эхлэн арванхоёрдугаар сарын 9 нд авлигын эсрэг олон улсын өдрийг тэмцэглэх түүхтэй.
Авлига хэмээх үзэгдэл нь өөрөө мөн чанарын хувьд эдийн засгийн, тэр дундаа бизнесийн үйл явц юм. Учир нь авлигад нэг талаас бизнес эрхлэгч байгууллага, хувь хүн, нөгөө талаас төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан оролцдогоороо онцлогтой юм.
Судлаачид авлигыг субьектуудын харилцаа, ашиг тусын хэмжүүр, чиглэл зэргээс нь хамааруулан ангилсан байдаг. Ерөнхийд нь ахуйн хүрээний, ажил хэргийн болон дээд түшний авлига хэмээн гурав ангилдаг байна. Гадаадын хөрөнгө орулалтын төсөл, засгийн газрын худалдан авах үйл ажиллагаа, улсын төсвийн гадуурх орлого зэрэг нь авлига цэцэглэн хөгжих үндэс болдог.
Ихэнх хүмүүс авлига лобби болон эрх мэдлээ хортойгоор ашиглах үзэгдлийг хольж хутгах тохиолдол байна. Гэхдээ энэ бүгд харилцан ялгаатай гэдгийг онцлох хэрэгтэй.
Авлигыг дараах гурван төрөлд ангилан үздэг. Үүнд:
·         Ахуйн хүрээний авлига:
·         Ажил төрлийн авлига:
·         Дээд түвшний авлига хэмээн ангилдаг байна.
Түвшин бүр, дээрх төрөл бүр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. өөрт ашигтай нөхцөл байдал бий болгох зорилгоор төрийн эрх бүхий албан тушаалтан, түүний ар гэрт материаллаг дэмжлэг үзүүлэх хэлбэрийг ахуйн хүрээн авлига гэнэ. Харин ажил мэргэжлийн хувьд өсөж өндийх зорилгоор эрх бүхий албан тушаалтан, шийдвэр гаргах үйл явцад хууль бус байдлаар материаллаг дэмжлэг үзүүлэхийг ажил төрлийн авлига гэнэ. Хэн хүний тэр болгон хэрэгжүүлж чадахааргүй авлигын хэлбэрийг дээд түвшний хэмээн тодотгож байна. Дэлхийн улс орнууд авлигатай хэрхэн тэмцэх тухайд нэгдсэн байр сууринд өнөөдрийг хүртэл хүрж чадаагүй байна. Авлигатай тэмцэх нэгдсэн арга бий болгох ч бололцоогүй юм. Ерөнхийд нь дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэж буй арга хэрэгслийг дараах гурван төрөлд ангилж болох юм. Үүнд:
·         Хууль тогтоомжид тулгуурлан тэмцэж болох юм:
·         Эдийн засгийн хөшүүрэг ашиглах замаар авлигатай тэмцэж болох юм:
·         Зах зээл, чөлөөт өрсөлдөөнийг тэтгэх замаар авлигатай тэмцэж болно гэжээ.  
Авлига хэрхэн яаж бий болдог вэ?
Судлаачид янз бүрийн санаа дэвшүүлдэг. Гэхдээ дараах нийтлэг үндэстэй болохыг онцлох болсон. Эдгээрт:
·         Хоёрдмол утга санаа бүхий хууль тогтоомж мөрдөх:
·         Хууль тогтоомжийн мөн чанарыг ард түмэн зуурам дутуу ойлгосноос:
·         Улс орон дахь улс төрийн тогтворгүй байдал:
·         Эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо алдагдсан:
·         Төрийн алба бүхэлдээ стандарт, журмаас хэт хамааралтай байх:
·         Төрийн албаны мэргэшсэн бус байдал:
·         Улс төрийн патронож буюу ивгээлийн тогтолцоо бүрэлдэх:
·         Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын нэгдмэл чанар алдагдах:
·         Төрд тавих хяналт сул, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо бага зэргийг онцолсон байна.
Профессор Т. Гильвасон төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо сул байх нь авлига бий болох суурь хүчин зүйл болдогийг онцолсон байна.
Авлига илэрдэг гол үйл ажиллагааны төрөл нь гадаадын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр, засгийн газрын худалдан авах үйл ажиллагаа, төсвийн гадуурх хөрөнгийн урсгал болохыг судлаачид онцолдог. Өөрөөр хэлбэл энэ гурван хүрээнд хууль эрх зүйн нарийн зохицуулалт хийх нь авлигаас  ангид байх нөхцөл болж өгдөг байна.
Авлига бий болсноор нийгэмд ямар хөнөөл учруулах тухайд янз бүрийн тайлбар хийдэг. Эрдэмтэд дараах зүйлсийг онцолдог. Үүнд:
·         Улсын орлого, зарлагын үр ашиггүй хуваарилалт, зарцуулалт бий болно:
·         Санхүүгийн хууль бус урсгал бий болно:
·         Татварын үлэмж хэсэг улсын төсөвт төвлөрч чадахгүй байдал үүснэ:
·         Төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашиг суларна:
·         Бусад орнууд руу мэргэшсэн боловсон хүчнээ алдана:
·         Хөрөнгө оруулалт багасч, эдийн засгийн өсөлт удааширна:
·         Нийгмийн үйлчилгээний чанар буурна:
·         Олон улсын тусламж дэмжлэгийн ашиглалт муудаж, үр ашиг багасна:
·         Хувь хүний авьяас чадварыг ашиглах байдал дордоно:
·         Нийгмийн тэгш бус байдал нэмэгдэнэ:
·         Зохион байгуулалттай гэмт хэргийн хэмжээ нэмэгдэнэ:
·         Төрийн байгууллагын легитим чанар алдагдана:
·         Нийгмийн ёс суртахуун дордоно зэргийг дурдаж болх байна.
Харамсалтай нь, манай улсын тухайд авлигаас ангид байх юм уу түвшин бууруулах чиглэлд төдийлөн үр дүнтэй ажил хийж чадахгүй хэвээр байна. Олон улсын байгууллагын үнэлгээгээр Монгол улс 2015 онд 72-р байрт, 2016 онд 87-р байрт, 2017 онд 104-р байрт орж тус тус ухарсан байна. Авлигын үзүүлэлтээр манай улс амжилт олж чадахгүй хэвээр байгааг онцлох байна. Дахин хэлэхэд авлига бол мөн чанарын хувьд бизнесийн үзэгдэл юм. Учир нь авлигыг хэрхэн намжааж чадсанаас улсын эдийн засаг, бизнесийн байгууллагын чадавх хамаарах болно. Этүгэн их сургуулийн эрхэм оюутнууд хичээн судлах буй за.

Эх сурвалжийн жагсаалт
А. А. Гусейнов, Р. Г. Апресян. (2000). Этика: Учебник . Москва : Гардарики.
А. Н. Асаул, М. А. Асаул, П. Ю. Ерофеев, М. П. Ерофеев. (2007). Култура организации- ресурс для развития бизнеса. Санкт-Петербург : «Гуманистика».
Гусейнова, А. А. (2015). История этических учении: Учебник для вузов. Москва : Академиче ский проект; Трикста.
М. Золзаяа, Ч. Баярчимэг, Д. Оюунгэрэл . (2013). Бизнесийн ёс зүй . Улаанбаатар хот : Арилдал ХХК.
Оюунчимэг, Б. (2012). Бизнесийн ёс зүй. Улаанбаатар хот: Бодьмөр Принтинг ХХК.


БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
БИЧВЭРТЭЭ ХОЛБОО БҮХИЙ АСУУДЛААР НЭМЖ ТОДОТГОХ ЗҮЙЛ БУЙ АВААС otgonbayar.n@etugen.edu.mn ЦАХИМ ШУУДАНГААР ХАНДАХЫГ ХҮСНЭ.

Thursday, September 6, 2018

ЛЕКЦ. БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ЗАРЧИМ


Этүгэн их сургуулийн хоёрдугаар курсын эрхэм оюутнуудын амрыг эрье. Энэ удаагийн “Бизнесийн ёс зүй” хичээлийн сэдэв бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага, түүний тухай ойлголт, зарчмын асуудалд төвлөрөх болно.
Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага гэх ойлголтын талаар судлаачид янз бүрийн байр суурь баримталдаг. Гэхдээ үүнийг нийтлэг шинж чанарт тулгуурлан дараах байдлаар тодорхойлж болох юм. Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага гэдэг нь сайн дурын үндсэн дээр улс орны нийгэм-эдийн засаг, улс төрийн амьдралд бизнесийн байгууллагын зүгээс тодорхой хувь нэмэр оруулах үйл явцыг хэлдэг. Зарим судлаачдын зүгээс бизнесийн байгууллага үйл ажиллагаа давуу талаа нэмэгдүүлж, дутагдталтай талаа багасган улс орны эдийн засгийн амьдралд тодорхой хувь нэмэр оруулах үйл явц мөн гэж тодорхойлсон байдаг.
Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын талаар хоёр томоохон үзэл баримтлал байна. Нэгдүгээрт, АНУ-д хөгжсөн гэх хандлага байна. Ашиг олохын хэрээр нийгмийн хариуцлага хүлээх үүрэг өндөрсөнө гэж энэ хандлагад үздэг. Бизнесийн байгууллагын эцсийн зорилго нь ашиг олох явдал учир үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд нийгмийн наад захын хариуцлага үүрэглэх ёстой гэж үзнэ.
Хоёр дахь нь Европын гэх хандлага байна. Бизнесийн байгууллага эдийн засгийн зорилтоос гадна нийгмийн зорилтыг давхар хэрэгжүүлэх ёстой. Учир нь ингэсний үр дүнд нийгмийн хариуцлагын тухай бүрэн дүүрэн ойлголт төлөвшинө. “Ашгийг үйл ажиллагааны эцсийн зорилгоо болгосон бизнес хэзээ нэгэн цагт мөхдөг жамтай” хэмээн Форд Моторс компаны захирал асан Хэнри Форд өгүүлсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын тухай асуудалд дэлхий дахин бүхэлдээ анхаарал хандуулж, энэ чиглэлийн ажилд түлхүү ач холбогдол үзүүлэх болсон.
Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага хэрхэн төлөвшиж ирсэн тухайд дараах хэд хэдэн үе шатыг дамжсан гэж үздэг. Үүнд:
Нэгдүгээр үе. Балар эртний үеэс эрт үеийн төгсгөл хүртэлх үе багтана. Цаг хугацаагаар баримжаалбал одоогоос 2000 орчим жилийн өмнөх үеийг хамруулан авч үздэг байна. Худалдаа, наймаа эрхлэгчдийг хатуу чангаар гэсгээдэг, тэднийг дорчилон үзэх хандлага ноёрхож байсан үе.
Хоёрдугаар үе. Цаг хугацаагаар баримжаалбал 900-1500 он буюу дундад эртний үеийг нэрлэдэг. Сүм хийд нийгмийн амьдралд хүчтэй нөлөөлөх болсны уршгаар худалдаа, арилжаа хийгчдийг нүд үзүүрлэн үзэх болсон. Гэсэн ч тэд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлж байсан.
Гуравдугаар үе. Бизнесийн нийгмийн хариуцлага төлөвшиж эхэлсэн үе. Цаг хугацаагаар баримжаалбал 1500-1800 оныг хамарч байсан. Худалдаа, арилжаа эрхлэхэд боловсролтой, сэхээтэн давхарга бий болж, нийгмийн хариуцлагаа ухамсарлах болсон явдал ихээр нөлөөлсөн байна. Ядуу иргэдэд туслах, тэдэнд тусламж дамжлэг үзүүлэх явдал ихэссэн.
Дөрөвдүгээр үе: Энэ үе нь 1800-1930-аад он хүртэл үргэлжилсэн. Бизнес эрхлэгчдийн нийгмийн байр суурь дээшилж, тэднийг жинхэнэ язгууртан хэмээн үзэх болсон. Чухам энэ үеэс бизнесийн нийгмийн хариуцлага гэх ойлголт жинхэнэ утгаараа төлөвшсөн. Үйлдвэрлэлийн хэмжээ, ажиллах хүчний мэдлэг чадвар дээшлэхийн хэрээр үйлдвэрлэл, үйлчилгээний чанар ч сайжирсан.
Тавдугаар үе. 1930 оноос өнөөг хүртэл үргэлжилж байна. Төр засгийн зүгээс бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд анхаарч бизнес урьд байгаагүй ихээр цэцэглэн хөгжих болсон. XX зууны 60, 70-аад оны үеэс хэрэглэгчдийн эрх ашиг, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн нийгмийн хөдөлгөөн идэвхжих болж, бизнесийн үйл ажиллагааны зорилго, чиглэл өөрчлөгдсөн байна.
Бизенсийн ёс зүйн нийгмийн хариуцлагын зарчимтай холбоотойгоор яригдах өөр нэг сэдэв нь зарчмын ангилал, төрлийн тухай ойлголт юм.
Бизнесийн нийгмийн хариуцлагын зарим нэг төрөл эрх зүйн шинж чанартай байх бөгөөд хууль тогтоомжийн хэлбэрээр илэрхийлэх тохиолдол байна. Үүнд:
·         Чанартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх:
·         Хуулийн хүрээнд ажлын байр бий болгож, тэдгээрт нийцүүлж ажилчдаа сургаж боловсруулах, хөрөнгийн туслалцаа үзүүлэх:
·         Хөдөлмөрийн, эдийн засгийн, татварын болон байгаль орчны гэх мэт хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх:
·         Үйл ажиллагааны үр ашгийг чухалчлах:
·         Ёс зүйн хэм хэмжээ, нийгмийн хүлээлтэд нийцүүлж үйл ажиллагаа явуулах:
·         Нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэх замаар улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах зэрэг болно.
НҮБ-ын баримтад бизнесийн нийгмийн хариуцлагыг дотоод, гадаад гэсэн хоёр төрөлд ангилан үзэх болсон талаар дурджээ.
Нийгмийн хариуцлагын дотоод хэлбэрт:
·         Ажлын байрны аюулгүй байдал:
·         Тогтвортой, харьцангуй өндөр хөдөлмөрийн хөлс:
·         Ажилчдад зориулсан нийгмийн болон эрүүл мэндийн баталгаа:
·         Ажилчдаа хөгжих, дэвших, ажлын байрандаа тасралтгүй хөгжих баталгаа бий болгох:
·         Хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолодолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргийг багтаасан байна.
Харин бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын гадаад хэлбэрт
·         Нийгмийн сайн санааны үйлсэд оролцох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх:
·         Хүрээлэн буй орчноо хадгалж, хамгаалах талаар ажиллах:
·         Хэрэглэгчдийн өмнө хариуцлага хүлээх, үүрэглэх:
·         Орон нутгийн эрх мэдлийн болон бусад байгууллагатай хамтран ажиллах зэргийг багтаасан байна.
Үүнээс гадна зарим судлаачид хамтын нийгмийн хариуцлага гурван түвшинд байхыг дурдсан байна.
Бизнесийн нийгмийн хариуцлагыг практикт ихэвчлэн эдийн засгийн, байгаль орчны, нийгмийн гэх гурван талаас авч үзэж судалдаг байна.
Мөн нийгмийн хариуцлагыг агуулгын талаас эдийн засгийн, хууль эрх зүйн, ёс зүйн, сайн үйлсийн хэмээн ангилан авч үздэг байна. Дэлгэрэнгүйг лекцийн хүрээнд танхимын сургалтаар авч үзсэн тул нуршин өгүүлэхийг урьтал болгосонгүй. Эрхэм оюутнууд хичээн судлах буйзаа (Оюунчимэг 2012, 198-226).

Ашигласан эх сурвалж

Оюунчимэг, Б. Бизнесийн ёс зүй: Сурах бичиг. Нэмж засварласан хоёр дахь хэвлэл, Улаанбаатар хот : "Сод Пресс" ХХК, 2012.

БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
БИЧВЭРТЭЭ ХОЛБОО БҮХИЙ АСУУДЛААР НЭМЖ ТОДОТГОХ ЗҮЙЛ БУЙ АВААС otgonbayar.n@etugen.edu.mn ЦАХИМ ШУУДАНГААР ХАНДАХЫГ ХҮСНЭ.

Tuesday, September 4, 2018

ЛЕКЦ. БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧМЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ


Этүгэн Их Сургуулийн Инженерчлэл, Эдийн Засаг-Менежментийн Сургуулийн эрхэм оюутнуудын өдрийн амгаланг айлтгая. Энэ удаагийн бидний лекцийн сэдэв бизнесийн ёс зүйн зарчмын тухай асуудал байх болно. Бие даасан шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд бизнесийн ёс зүйд зарчмын тухай асуудал томоохон байр суурь зэлдэг.
Тэгвэл зарчим гэж юуг хэлэх вэ?
Судлаачид янз бүрийн санаа дэвшүүлдэг ч бизнесийн ёс зүйн зарчим гэдгийг ашиг урлах зорилгоор үйлдвэрлэл эрхэлж, худалдаа, үйлчилгээ үзүүлэх хувь хүн, байгууллага үйл ажиллагаандаа баримталбал зохих хамгийн ерөнхий ёс зүйн хэм хэмжээний нийлбэр цогц мөн гэж үзэж болох юм.
Бизнесийн ёс зүйн зарчимд хэрхэн хандах тухайд гурван үндсэн хандлага байна. Үүнд:
          Эдийн засагч Милтон Фридманы анхлан хөгжүүлсэн уламжлалт хандлага байна. Бизнесийн үйл ажиллагаа нь бизнес эрхлэгчийн хүсэл сонирхолд тулгуурлах бөгөөд түүний эрх ашгийг хангахад чиглэгддэг үйл ажиллагаа болно гэж үздэг. Нийгмийн сайн сайхны төлөө ажиллах, хүрээлэн буй орчноо хамгаалах зэрэг нь боломжит ашиг урлах үйл ажиллагаанд саад учруулдаг. Иймд нийгмийн сайн сайхан, хүрээлэн буй орчинд анхаарах бус, ашиг олоход ач холбогдох учиртай.
          Америкийн эрдэмтэн Питэр Драйкерын гаргасан ёс зүйн хандлага гэж байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага бүр нийгмийн тодорхой бүлгийн өмнө ёс зүйн шинж чанартай хариуцлага үүрэглэдэг гэж үздэг. Нийгмийн энэ бүлэгт зохион байгуулагч, менежер, үйлчлүүлэгч, зээлдэгч, түншлэгчид, орон нутаг дахь салбарууд, төрийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, байгууллагын ажилчид багтана. Бизнесийн байгууллага хэдий чинээ нийгмийн уг бүлгийн өмнө хүлээсэн ёс зүйн хариуцлагаа ухамсарлаж, үйл ажиллагаандаа анхаарна, төдий хэрээр зорилгодоо хүрэх өөрөөр хэлбэл ашиг урлах боломж нэмэгдэнэ гэж үздэг.
             XX зууны 60, 70-аад оны үед үүссэн социаль ёс зүйн хандлага гэж байна. Курт Лэвин, Эдгар Шайн нарын эрдэмтэд хөгжүүлсэн. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага бүр нэг талаас ашиг урлаж, нөгөө талаас нийгмийн өмнө тодорхой ёс зүйн үүрэг хүлээх ёстой. Гэхдээ өмнөх хандлагаас ялгаатай нь бизнес эрхлэх байгууллагын нийгмийн өмнө хүлээсэн ёс зүйн үүрэг сайн дурын шинж чанартай гэж үзсэн.
Бизнесийн ёс зүйн зарчим гэх ойлголт АНУ-д анх бий болсон. 1924 онд АНУ-ын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимийн Бизнесийн Ёс Зүйн Хороо “Бизнес эрхлэх зарчмууд” гэсэн улсын хэмжээний ёс зүйн дүрэм боловсруулж гаргасан. Харилцан ашигтай байх, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх, эрх тэгш хандахаас үүдэлтэй итгэлцэл нь бизнес эрхлэх үндэс болдогийг уг баримтад дурдсан байна. 1950-аад оны үеэс “хүний харилцааны онол” ерөнхий нэрийн дор олон тооны номлол бий болсон. Нийгмийн түншлэл, орлогын ил тод байдал гэсэн уриа дэвшүүлэх болсон. Ингэснээр бизнес эрхлэгч байгууллагын нийгмийн хариуцлагыг бий болгоход томоохон түлхэц болсон.
Бизнесийн байгууллага дахь ёс зүйн үзэл санааны хөгжлийг эрдэмтэд дараах гурван бүлэгт ангилан авч үздэг. Үүнд:
·         1925 он хүртэл бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллах үе байсан. Үүнийг судлаачид зэрлэг капитализмын үе гэж нэрлэдэг:
·         1930-1960 он хүртэлх үе байна. Бизнесийн байгууллага ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарах болсон үе гэнэ:
·         1960-аад оноос хойш бизнесийн байгууллага байгаль орчин, нийгмийн сайн сайхан байдалд анхаарах болсон үе гэж байна.
Америкийн эрдэмтэн Г. Кэсси бизнесийн үйл ажиллагаа эрхлэх ёс зүйн таван зарчмыг дэвшүүлсэн байдаг. Шударгаар бизнес эрхлэх нь бохир аргаар бизнес аргаар бизнес эрхлэхээс илүү ашиг өгдөг болохыг тэрээр онцолсон.
       Бизнесийн дараах зарчим байж болохыг судлаачид дурдсан байна. Үүнд:
·         Бизнес эрхлэх эрүүл орчин бүрдүүлэх: Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд бизнес эрхлэх эрүүл орчин бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр бизнесийн байгууллага ёс зүйтэй байх боломж бүрдэнэ. Эрүүл орчин бүрдээгүй бол бизнесийн байгууллага ёс зүйтэй байх боломжгүй гэж үздэгт энэ зарчмын мөн чанар оршино.
·         Засгийн газар, бизнесийн болон төрийн бус байгууллага хамтран ажиллах зарчим байна: Ингэснээр бизнес эрхлэх таатай орчин бүрддэг байна.
·         Бизнес эрхлэгчийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зарчим байна. Ямар тохиолдолд бизнес эрхлэгч нийгмийн хариуцлагатай байх вэ? Энэ асуудалд судлаачид харилцан адилгүй байр суурьтай байна. Гэхдээ нийтлэг байдал дээр нь тулгуурлан бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага гэдэгт дараах зүйлийг хамруулан авч үздэг байна. Үүнд:
1.      Чанартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлэх:
2.      Ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх:
3.      Бизнес эрхлэгч нийгмийн өмнө тодорхой хариуцлага заавал хүлээх:
4.      Улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах:
5.      Хүний хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарах:
6.      Хүмүүнлэг байдлаар бизнесээ хөтлөн явуулах:
7.      Нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхлыг хүндэтгэн үзэх зэрэг болно. Өөрөөр хэлбэл, эдгээрийг хангасан байгууллагыг бизнесийн ёс зүйтэй гэж үзэх тухай эрдэмтэд онцолсон байна.
·         Ихийг бүтээх, шинийг санаачлах, шударга аргаар ашиг бүтээх зарчим байна. Бизнесийн үйл ажиллагаа ашиг бүтээхэд голлон чиглэж янз бүрийн арга хэрэглэдэг ч урт удаан хугацааны туршид оршин тогтнохын тулд ёс зүйтэй байх хэрэгтэй гэдэгт энэ зарчмын мөн чанар оршино.
·         Ил тод, шударга арга замаар өрсөлдөхийг эрхэмлэх зарчим байна. Ингэснээр бизнесийн байгууллагын боломж, бололцоо улам бүр дээшилдэг байна.
·         Том болон жижиг бизнесийн байгууллага хамтран ажиллах зарчим байна. Ингэснээр үр ашиг, улмаар бүтээмж сайжирдаг гэдгийг судлаачид онцолсон байна.
·         Хэрэглэгчдийн эрх ашиг, сонирхлыг хангах, хамгаалах зарчим байна. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд бизнесийн байгууллагын зүгээс баримтлах гол зарчим нь хэрэглэгчдээ дээдлэх явдал юм. Хэрэглэгчдээ дээдлэх замаар ашиг урлах, илүү ихийг олох боломжтой болдогт шалтгаан оршино.
·         Харилцагчдын ашиг сонирхлыг хамгаалах зарчим байна. Бизнест итгэлцэл гол бөгөөд итгэлцэл үгүй нөхцөлд амжилтанд хүрэх магадлал тэгтэй тэнцдэг юм. Иймд итгэлцлийг бэхжүүлэх үүднээс харилцагчдын ашиг сонирхлыг хамгаалж байх шаардлага урган гарна.
·         Байгаль орчинтой зөв харьцах, ашиглах зарчим гэж байна. Хүний хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй ашиглах замаар хангахыг эрмэлздэг нь бизнесийн байгууллагын онцлог юм. Иймд байгаль орчинтой зөв харьцаж, ашиглах зарчим онцгой ач холбогдолтой болно.
·         Бизнесийн үйл ажиллагааг дэмжих холбоо бий болгох зарчим байна. Ийм холбоо байхгүй байх нь бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.
·         Бизнесийн байгууллага ажилчдаа хөгжүүлэхэд анхаарах зарчим байна. Ажилчид бол аливаа байгууллагын гол нөөц юм. Бусад нөөцөө бодвол хүртээмж өндөртэй байдгаараа хүний нөөц онцлогтой. Иймд хүний нөөцийг үр дүнтэй сурган боловсруулах, тасралтгүй хөгжүүлэх тогтолцоо байгууллагын дотоодод бий болгох замаар бизнесийн байгууллага ашгаа нэмэгдүүлэх бололцоотой байдаг (Оюунчимэг 2012, 175-184). Энэ удаагийн лекцийг үүгээр өндөрлөе. Эрхэм оюутан сурагчид хичээн суралцах буйзаа.

Ашигласан эх сурвалж

Оюунчимэг, Б. Бизнесийн ёс зүй: Сурах бичиг. Нэмж, засварласан хоёр дахь хэвлэл, Улаанбаатар хот : "Сод Пресс" ХХК, 2012.

БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

"БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ" ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТЫН СЭДЭВ

Этүгэн их сургуулийн Инженерчлэл, Эдийн Засаг-Менежментийн Сургуулийн 2, 3-р ангийн оюутнуудад “Бизнесийн ёс зүй” хичээлээр судлах бие даа...