Эрхэм оюутнуудын амрыг эрье.
Бизнесийн ёс зүй хичээлийн энэ удаагийн лекцийн хүрээнд авлига гэж юуг хэлэх,
нийгэм-эдийн засаг, тэр дундаа бизнесийн үйл ажиллагаанд ямар хөнөөл учруулах
тухай асуудлыг авч үзэх болно.
Авлига гэж юуг хэлэх вэ?
Үг
зүйн хувьд авлига хэмээх үг латин хэлний corrumpere буюу худалдан авах, арилжиж
авах гэсэн үгнээс гаралтай. Шинжлэх ухааны хэрэглээнд XX зууны эхэн үеэс нэвтэрсэн. Авлига гэж юуг хэлэх тухайд
өнөөдрийг хүртэл нэгдсэн байр суурь төлөвшиж чадаагүй байна. Гэхдээ нийтлэг
шинжид нь тулгуурлан дараах байдлаар тодорхойлж болох байна. Transparency
International, Дэлхийн Банк болон бусад байгууллагын тодорхойлсноор авлига
гэдэг нь хувь хүний амин хувийн ашиг сонирхолд нийцүүлж төрийн эрх мэдлийг
ашиглах, улмаар өөрт ашигтай нөхцөлийг бий болгохыг хэлнэ. Ихэнх улс оронд
авлигыг хууль бус үйлдэл хэмээн үздэг байна. Төрийн байгууллага, эрх бүхий
албан тушаалтныг худалдан авах үйл явцтай холбон тайлбарладаг. Авлигаас ангид
улс гэж байдаггүй. Гэхдээ авлигын түвшинг бууруулж болдог байна. Макро эдийн
засгийн болон улс төрийн эдийн засгийн ухааны ном зохиол, судалгааны
бүтээлүүдэд авлига улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн эрх ашигт ноцтой
хохирол учруулдаг болохыг дурдсан байдаг.
Түүхэн талаас авч үзвэл хүн
төрөлхтний түүхэнд анх удаа авлигыг зохицуулах оролдлого одоогоос 4000 орчим
жилийн өмнө Сүмбэрийн Лагаш хотын захирагч (Энси) Урукагины нэртэй холбогддог.
Тэрээр НТӨ 2319-2311 онуудад улсыг захирч байсан бөгөөд ингэх хугацаандаа 2318
онд Урукагины цааз гэдгийг гаргасан байна. Албан тушаалын байдлаа урвуугаар
ашиглаж хэн хүнд илт давуу нөхцөл бүрдүүлсэн болон төрийн байгууллага, эрх
бүхий албан тушаалтанд эд материалын дэмжлэг үзүүлж өөрт давуу байдал бий
болгосон этгээдийг хүндээр гэсгээн шийтгэх тухай заасан байна. Гэхдээ эрт дээр
үед авлигын асуудалд дандаа сөрөг талаас хандаж байсан уу гэвэл хараахан тийм
бишээ. Авлигыг улс төрийн бодлого хэрэгжүүлэх үйл явцтай холбон үр дүнтэй арга
гэж тайлбарлах хандлага бас үүсэж байжээ. Үүний нэг томоохон илрэл нь Магадха
улсын тэргүүн сайд Каутилья буюу Чанакья бярманы зохиосон гэх 15 хэсэг, 150
бүлэг, 6000 шолог бүхий Артхашастир буюу Ашиг тусын тухай сургаал нэрт зохиол
болно. Хаан хүн зорилгодоо хүрэхийн тулд авлигыг ашиглаж болох тухай тэрээр
сургасан байна. Үүнтэй адил нөхцөлөөр авлигыг шийдвэрлэж байсан тохиолдол
эртний Мисирт бий болж байсныг дурдах байна. Ромын эзэнт
улсын үед XII хүснэгтийн хуульд «corrumpere» гэдгийг
шүүгчид нөлөөлөл үзүүлэх, шүүгчийг мөнгөөр хахуульдах хэмээн тайлбарласан
байна. Италийн
эрдэмтэн Никколо Макиавэлли авлигыг тахал өвчинтэй зүйрлэн бичсэн байна. Танин
мэдэхэд амаргүй ч шинэтгэн тогтооход хялбар болохыг онцолсон байна. 1787 онд
батлагдсан АНУ-ын үндсэн хуулинд авлигыг гэмт хэрэг хэмээн үзэж, үүнд
холбогдсон улсын тэргүүнд импичмент үзүүлж болох тухай дурдсан байна. XX зууны
эхэн үеэс дэлхийн улс орнууд авлигын тухай асуудалд ихээхэн анхаарах болсон.
Энэ нь тухайн үзэгдлийн төрийн албаны үйл ажиллагааны чанарт үзүүлэх нөлөөллийг
тооцсон явдал байв.
АНУ-ын
«Financial Times» сэтгүүл 1995 оныг авлигын
эсрэг жил болгон зарласан байна. НҮБ-ын зүгээс жил бүрийн арванхоёрдугаар сарын
9 ны өдрийг авлигатай тэмцэх олон улсын өдөр болгон зарласан байдаг. 2003 онд
Мексикийн нийслэл Мерида хотноо яг энэ өдөр 8 бүлэг, 71 зүйл бүхий Авлигын
эсрэг НҮБ-ын Конвенци батлагдсан байна. Ингээд 2004 оноос эхлэн арванхоёрдугаар
сарын 9 нд авлигын эсрэг олон улсын өдрийг тэмцэглэх түүхтэй.
Авлига хэмээх үзэгдэл нь өөрөө мөн чанарын хувьд эдийн
засгийн, тэр дундаа бизнесийн үйл явц юм. Учир нь авлигад нэг талаас бизнес
эрхлэгч байгууллага, хувь хүн, нөгөө талаас төрийн байгууллага, эрх бүхий албан
тушаалтан оролцдогоороо онцлогтой юм.
Судлаачид авлигыг субьектуудын харилцаа, ашиг тусын хэмжүүр,
чиглэл зэргээс нь хамааруулан ангилсан байдаг. Ерөнхийд нь ахуйн хүрээний, ажил
хэргийн болон дээд түшний авлига хэмээн гурав ангилдаг байна. Гадаадын хөрөнгө
орулалтын төсөл, засгийн газрын худалдан авах үйл ажиллагаа, улсын төсвийн
гадуурх орлого зэрэг нь авлига цэцэглэн хөгжих үндэс болдог.
Ихэнх хүмүүс авлига лобби болон эрх мэдлээ хортойгоор ашиглах
үзэгдлийг хольж хутгах тохиолдол байна. Гэхдээ энэ бүгд харилцан ялгаатай
гэдгийг онцлох хэрэгтэй.
Авлигыг дараах гурван төрөлд ангилан үздэг. Үүнд:
·
Ахуйн
хүрээний авлига:
·
Ажил
төрлийн авлига:
·
Дээд
түвшний авлига хэмээн ангилдаг байна.
Түвшин бүр, дээрх төрөл бүр өөр хоорондоо харилцан адилгүй
байдаг. өөрт ашигтай нөхцөл байдал бий болгох зорилгоор төрийн эрх бүхий албан
тушаалтан, түүний ар гэрт материаллаг дэмжлэг үзүүлэх хэлбэрийг ахуйн хүрээн
авлига гэнэ. Харин ажил мэргэжлийн хувьд өсөж өндийх зорилгоор эрх бүхий албан
тушаалтан, шийдвэр гаргах үйл явцад хууль бус байдлаар материаллаг дэмжлэг
үзүүлэхийг ажил төрлийн авлига гэнэ. Хэн хүний тэр болгон хэрэгжүүлж
чадахааргүй авлигын хэлбэрийг дээд түвшний хэмээн тодотгож байна. Дэлхийн улс
орнууд авлигатай хэрхэн тэмцэх тухайд нэгдсэн байр сууринд өнөөдрийг хүртэл
хүрж чадаагүй байна. Авлигатай тэмцэх нэгдсэн арга бий болгох ч бололцоогүй юм.
Ерөнхийд нь дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэж буй арга хэрэгслийг дараах
гурван төрөлд ангилж болох юм. Үүнд:
·
Хууль
тогтоомжид тулгуурлан тэмцэж болох юм:
·
Эдийн
засгийн хөшүүрэг ашиглах замаар авлигатай тэмцэж болох юм:
·
Зах зээл,
чөлөөт өрсөлдөөнийг тэтгэх замаар авлигатай тэмцэж болно гэжээ.
Судлаачид янз бүрийн санаа дэвшүүлдэг. Гэхдээ дараах нийтлэг
үндэстэй болохыг онцлох болсон. Эдгээрт:
·
Хоёрдмол
утга санаа бүхий хууль тогтоомж мөрдөх:
·
Хууль тогтоомжийн
мөн чанарыг ард түмэн зуурам дутуу ойлгосноос:
·
Улс орон
дахь улс төрийн тогтворгүй байдал:
·
Эрх мэдлийн
байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо алдагдсан:
·
Төрийн
алба бүхэлдээ стандарт, журмаас хэт хамааралтай байх:
·
Төрийн
албаны мэргэшсэн бус байдал:
·
Улс төрийн
патронож буюу ивгээлийн тогтолцоо бүрэлдэх:
·
Гүйцэтгэх
эрх мэдлийн байгууллагын нэгдмэл чанар алдагдах:
·
Төрд тавих
хяналт сул, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо бага зэргийг онцолсон
байна.
Профессор Т. Гильвасон төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл
явцад иргэдийн оролцоо сул байх нь авлига бий болох суурь хүчин зүйл болдогийг
онцолсон байна.
Авлига илэрдэг
гол үйл ажиллагааны төрөл нь гадаадын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр,
засгийн газрын худалдан авах үйл ажиллагаа, төсвийн гадуурх хөрөнгийн урсгал
болохыг судлаачид онцолдог. Өөрөөр хэлбэл энэ гурван хүрээнд хууль эрх зүйн
нарийн зохицуулалт хийх нь авлигаас
ангид байх нөхцөл болж өгдөг байна.
Авлига бий
болсноор нийгэмд ямар хөнөөл учруулах тухайд янз бүрийн тайлбар хийдэг. Эрдэмтэд
дараах зүйлсийг онцолдог. Үүнд:
·
Улсын орлого, зарлагын үр ашиггүй
хуваарилалт, зарцуулалт бий болно:
·
Санхүүгийн хууль бус урсгал бий
болно:
·
Татварын үлэмж хэсэг улсын төсөвт
төвлөрч чадахгүй байдал үүснэ:
·
Төрийн байгууллагын үйл ажиллагааны
үр ашиг суларна:
·
Бусад орнууд руу мэргэшсэн боловсон
хүчнээ алдана:
·
Хөрөнгө оруулалт багасч, эдийн
засгийн өсөлт удааширна:
·
Нийгмийн үйлчилгээний чанар буурна:
·
Олон улсын тусламж дэмжлэгийн
ашиглалт муудаж, үр ашиг багасна:
·
Хувь хүний авьяас чадварыг ашиглах
байдал дордоно:
·
Нийгмийн тэгш бус байдал нэмэгдэнэ:
·
Зохион байгуулалттай гэмт хэргийн
хэмжээ нэмэгдэнэ:
·
Төрийн байгууллагын легитим чанар
алдагдана:
·
Нийгмийн ёс суртахуун дордоно
зэргийг дурдаж болх байна.
Харамсалтай нь,
манай улсын тухайд авлигаас ангид байх юм уу түвшин бууруулах чиглэлд төдийлөн
үр дүнтэй ажил хийж чадахгүй хэвээр байна. Олон улсын байгууллагын үнэлгээгээр
Монгол улс 2015 онд 72-р байрт, 2016 онд 87-р байрт, 2017 онд 104-р байрт орж
тус тус ухарсан байна. Авлигын үзүүлэлтээр манай улс амжилт олж чадахгүй хэвээр
байгааг онцлох байна. Дахин хэлэхэд авлига бол мөн чанарын хувьд бизнесийн
үзэгдэл юм. Учир нь авлигыг хэрхэн намжааж чадсанаас улсын эдийн засаг,
бизнесийн байгууллагын чадавх хамаарах болно. Этүгэн их сургуулийн эрхэм
оюутнууд хичээн судлах буй за.
Эх сурвалжийн жагсаалт
А. А. Гусейнов, Р. Г. Апресян. (2000). Этика:
Учебник . Москва : Гардарики.
А. Н. Асаул, М. А.
Асаул, П. Ю. Ерофеев, М. П. Ерофеев. (2007). Култура организации- ресурс
для развития бизнеса. Санкт-Петербург : «Гуманистика».
Гусейнова, А. А.
(2015). История этических учении: Учебник для вузов. Москва : Академиче
ский проект; Трикста.
М. Золзаяа, Ч.
Баярчимэг, Д. Оюунгэрэл . (2013). Бизнесийн ёс зүй . Улаанбаатар хот :
Арилдал ХХК.
Оюунчимэг, Б. (2012). Бизнесийн
ёс зүй. Улаанбаатар хот: Бодьмөр Принтинг ХХК.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА,
УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН
ОТГОНБАЯР
БИЧВЭРТЭЭ ХОЛБОО БҮХИЙ АСУУДЛААР НЭМЖ ТОДОТГОХ ЗҮЙЛ
БУЙ АВААС otgonbayar.n@etugen.edu.mn ЦАХИМ
ШУУДАНГААР ХАНДАХЫГ ХҮСНЭ.
No comments:
Post a Comment