Sunday, January 14, 2018

ЛЕКЦ № 2 БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, МӨН ЧАНАР

Өмнөх лекцийн хүрээнд бид бүхэн ёс зүйн үүсэл хөгжил, ёс зүй, ёс суртахууны хоорондын харилцааны тухай асуудалд анхаарал хандуулсан. Энэ удаагийн лекцид бид бизнесийн ёс зүйн зарчмын тухай асуудалд анхаарах болно. Гэхдээ үндсэн бичвэрээ эхлэхийн урьд өмнөх мэдлэгээ бататгах, утга санааг нь баяжуулах, сэргээн санах үүнээс гэрийн даалгаварт үзэх ёстой байсан зарим нэг санааг сэргээн санахыг хичээе.
Шинжлэх ухааны мэдлэг болох бизнесийн ёс зүйн хөгжлийг хоёр үндсэн үед ангилан үзэж болох байна. Үүнд:
·         Бизнес дэх ёс зүйн асуудлыг авч үзэх болсон үе (Ethics in Business): Цаг хугацааны хувьд 1913 оноос 1968 он хүртэл үргэлжилсэн:
·         Бизнес, ёс зүйн харилцан хамаарлыг авч үзэх болсон үе (Business ethics): Цаг хугацааны хувьд 1968 оноос өнөөг хүртэл үргэлжилж байна.
Беркли дахь худалдааны коллежид 1898 онд “Философийн шинжлэх ухаан: Худалдааны ёс зүйн зарчим, түүх” нэртэй хичээл орж байжээ (Эпштайн, 2002, хуудсд. 29, 30). Нийгмийн шинжлэх ухаанд бизнес дэх ёс зүйн асуудлаар АНУ-ын Винсконсин муж улсын их сургуульд 1913-1914 оны хичээлийн жилд анх удаа хичээл орсон байдаг. Мөн тус сургуулийн профессор Франк Чапмэн Шарп (1866-1943 он), Филиппс Гордэр Фокс нар 1937 онд “Ethics in Business” нэртэй анхны сурах бичгийг зохиосон байна. Харин 1960 оноос бизнес дэх ёс зүйн асуудлыг Өрнөдөд, тэр дундаа АНУ-д эрчимтэйгээр судлах болсон. Энэ үйлсэд Чикаго их сургуулийн профессор Раймонд С. Баумхарт чухал хувь нэмэр оруулсан байна. Ташрамд дурдахад тэрээр “business ethics гэх ойлголтыг 1961 онд нийтлүүлсэн “Бизнесмэн хүн хэр ёс зүйтэй байх вэ?” гэсэн өгүүлэлдээ, 1968 онд гаргасан “Бизнес дэх ёс зүй” гэх гарын авлагадаа анх удаа хэрэглэсэн байдаг. 1974 оны арваннэгдүгээр сард Минносета их сургуулийн профессор Норман Бовей (1942 он) Канзасийн их сургуульд бизнесийн ёс зүйн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулснаар бизнесийн ёс зүй гэх шинжлэх ухааны мэдлэг мэндэлсэн гэж үздэг байна. Улмаар 1970-аад оны үед бие даасан судлагдахуун бүхий шинжлэх ухааны мэдлэг болж төлөвшсөн юм. Бизнесийн эрх зүй нь гүн ухаан, удирдахуун ухаан, социологи, сэтгэл судлал, соёл судлал, байгууллагын соёл, мөргөлдөөн судлал, нийгмийн сэтгэл зүй зэрэг олон шинжлэх ухааны уулзвар зааг дээр үүссэн байдаг.
 Гэхдээ зарим судлаачдын зүгээс 1980-аад оны сүүл үетэй холбох тохиолдол байна. Энэ нь уг шинжлэх ухааны томоохон нэр хүндтэй байгууллага, мэргэжлийн сэтгүүлүүд энэ үед бий болсонтой холбогдоно. Тухайлбал, 1980 онд Олон улсын бизнесийн ёс зүйн нийгэмлэг (International Society of Business Ethics, or ISBE), 1987 онд Европын бизнесийн ёс зүйн сүлжээ (European Business Ethics Network) тус тус байгуулагдсан байна. Зөвхөн 1980-аад оны дунд үе гэхэд АНУ-ын их, дээд сургуулиудад 500 орчим удаагийн бизнесийн ёс зүй хичээлд 40.000 орчим оюутан хамрагдаж суралцсан байх юм. Токиогийн их сургуулийн профессор Мизохо Накамура 1970-аад оны үед бичигдсэн 50 номны 10 орчим нь бизнесийн ёс зүйтэй холбогдож байсан гэсэн бол 1980-аад оны үед 50 номны 39 нь, харин 1991-1992 онуудад нийтлэгдсэн 28 номны 21 нь бизнесийн ёс зүйгээр хэвлэгдэж байсан талаар судалгаандаа дурджээ (Nakamura, 1994).  Эндээс үзэхэд бизнесийн ёс зүй хэрхэн хурдацтай хөгжиж байсныг харж болох юм.
Бизнесийн эрх зүйн чиглэлээр томоохон судалгааны ажлууд ч хийгдэх болсон. Үүний нэг илрэл нь Транспаренси Интернэшнл байгууллага 1999 оны аравдугаар сараас эхлэн дэлхийн 28 улсын 2742 байгууллагын үйл ажиллагааг the Bribe Payers Index-ээр судалж жил бүр үр дүнг нь нийтлэх болсон явдал юм. Уг судалгаанд бизнесийн ёс зүйг судалгааны хувьсагч болгон 0-10 гэсэн оноогоор үнэлгээжүүлэх болсон.
Бизнесийн ёс зүйн судлах зүйл нь бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх замаар ашиг урлагчдын үйл ажиллагаа хэрхэн ёс суртхануунлаг байх тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны хэм хэмжээг мэргэжлийн үйл ажиллагаандаа хэр баримталж байгаа нь бизнесийн ёс зүйн судлах зүйл болно. Бизнесийн ёс зүйн судлах зүйл дараах дөрвөн харилцаагаар илрэн гардаг гэж судлаачид үзсэн. Үүнд:
·         Бизнес эрхлэгч, ажил хэргийн түншүүдийн хооронд үүсэх харилцаа:
·         Бизнес эрхлэгч ба нийгмийн дунд үүсэх харилцаа:
·         Бизнес эрхлэгчид ба үйлчлүүлэгчдийн дунд үүсэх харилцаа:
·         Бизнес эрхалэгчид ба олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дунд үүсэх харилцаа болно.
Бизнесийн ёс зүйн зарчмыг авч үзэхийн өмнө бизнес хэмээх үгийн үндсэн утгыг тайлах хэрэгтэй болов уу.
Бизнес хэмээх үг анхлан 1387 онд англи хэлнээ нэвтэрсэн байх бөгөөд биз буюу завгүй байх гэх утгыг илэрхийлнэ. Харин 1727 оноос худалдаа, арилжааны үйл гэх утгыг илэрхийлэх болжээ. Бизнесийн ёс зүй гэх мэдлэгийн төрөл хүн төрөлхтний философи сэтгэлгээний хүрээнд 2500 орчим жилийн өмнөөс яригдаж эхэлсэн боловч харьцангуй бие даасан судлагдахуун болсон нь XX зууны эхэн үетэй холбогдоно. Бизнесийн ёс зүйг орчин үед бизнесийн байгууллагын соёлын хүрээнд судлаж шинжлэх болсон (А. Н. Асаул, М. А. Асаул, П. Ю. Ерофеев, М. П. Ерофеев, 2007, хуудсд. 5-198).  Зарим тохиолдолд байгууллагын соёл гэдгийг ёс зүй гэдэгтэй адилтган үзэж судлах болсон. Эдийн засгийн агуулгатай үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилчдын эрх, үүрэг, зан үйлийг журамласан ёс суртахууны хэм хэмжээний нийлбэр цогцыг байгууллагын ёс зүй бас соёл хэмээн тодорхойлдог. Өөр нэг утгаар нь бизнесийн ёс зүй ч гэж нэрлэнэ. Энэ хүрээнд
·         Байгууллагын гадаад, дотоод бодлогын ёс зүйн үнэлэлт, дүгнэлт:
·         Байгууллагын гишүүдийн ёс суртахууны зарчим:
·         Байгууллагын доторх ёс суртахууны орчин:
·         Ажил хэргээ эрхлэн явуулах ёс зүйн хэм хэмжээ гэх дөрвөн бүрдлийг авч үздэг байна.
Бизнесийн үйл ажиллагаа хэрхэн ёс зүйтэй холбогддог асуудал шинэ зүйл огтоос биш бөгөөд хүн төрөлхтний үе бүхэнд байсаар иржээ. Харамсалтай нь, хэрхэн ямар аргаар судлах, ямар дүгнэлт гаргах тухайд тоймтой тогтсон итгэл үнэмшил төлөвшиж чадаагүй байдаг. Бизнес ёс зүйн хэм  хэмжээнд захирагдаж байгаагүйгээс нийгмийн амьдралд бизнес эрхлэгчдийн зүгээс хөнөөл учруулах тохиолдол цөөнгүй гарч ирэх болсон.
Энэ бүхнээс зайлсхийх утга шингээж бизнесийн ёс зүйд бизнесийн ёс зүйн зарчим гэх ойлголт гарч ирсэн.
Тэгвэл бизнесийн ёс зүйн зарчим гэж юуг хэлэх вэ?  
Судлаачид харилцан адилгүй тодорхойлолт өгсөн байдаг ч бизнес эрхлэгч өөрийн үйл ажиллагаандаа баримталбал зохих ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлийн нийлбэр цогцыг бизнесийн ёс зүйн зарчим гэж нэрлэдэг байна.
Америкийн социологич Л. Хосмер бизнесийн ёс зүйн зарчмыг арван хэм хэмжээтэй холбон тайлбарласан байдаг. Ерөнхийдөө бизнесийн ёс зүйн зарчимд дараах зүйлийг хамруулан ойлгодог. Үүнд:
·         Бизнес эрхлэгч хариуцлагатай байх:
·         Бизнес эрхалэгчийн үйл ажиллагаа нийгэм-эдийн засгийн эерэг агуулгатай байх:
·         Бизнесийн ёс зүйг чанд баримтлах:
·         Эрх зүйн хэм хэмжээнд хүндэтгэлтэй хандах:
·         Олон тулгуурт ажил хэргийн харилцааг дэмжих:
·         Хүрээлэн буй орчиндоо санаа тавих:
·         Хууль бус үйлдлээс татгалзах зэрэг болно.
Үүнээс гадна, бизнесийн ёс зүйн албадмал, хэм хэмжээний, бүлгийн гэх гурван хэв шинжийн зарчим байна.
·         Бизнесийн эрх зүйн албадмал зарчимд
·         Эрх мэдлийн хүндэтгэх:
·         Хувийн өмчийг дээдлэх:
·         Хүний хөдөлмөрийг үнэлэх:
·         Нэр төртэй байх:
·         Зорилго чиглэлтэй байх:
·         Хэлсэн үг, зорьсон үйлдээ үнэнч байх:
·         Өтгөст хүндэтгэлтэй хандах:
·         Бусдын амьдрал, нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэх:
·         Сэтгэл хангалуун амьдрах зэрэг болно.
Харин бизнесийн ёс зүйн хэм хэмжээний зарчимд
·         Бусдын эс өгснийг авахгүй байх:
·         Хүний амь бүрэлгэхгүй байх:
·         Хууран мэхлэхгүй байх зэргийг оруулдаг байна.
Ингээд бизнесийн ёс зүйн зарчим гэх энэ удаагийн лекцээ өндөрлөе. Дэлгэрүүлэн унших зүйл буй аваас эрхэм оюутнууд лавшруулан судлахыг хүснэ.

Эх сурвалжийн жагсаалт

Nakamura, M. (1994). Development of the Study of Business Ethics in the United States. Bulletin od the Faculty of Commerce, Meiji University, Vol. 77(No 1).
А. Н. Асаул, М. А. Асаул, П. Ю. Ерофеев, М. П. Ерофеев. (2007). Култура организации- ресурс для развития бизнеса. Санкт-Петербург : «Гуманистика».
Эпштайн, Э. М. (2002). Этика Бизнеса. Вестник Санкт-Петербургского Университета, Сер. 8, Вып. 3 (№8).


МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

БИЧВЭРТЭЭ ХОЛБОО БҮХИЙ АСУУДЛААР НЭМЖ ТОДОТГОХ ЗҮЙЛ БУЙ АВААС otgonbayar.n@etugen.edu.mn ЦАХИМ ШУУДАНГААР ХАНДАХЫГ ХҮСНЭ. 

2 comments:

  1. Сайн байна уу бизнесийн ёс зүйн зарчимын нэг бүлгийн хэв шинжийн зарчимд юу юу ордог юм бол багшаа

    ReplyDelete
  2. woow uneheer sonirholtoi slide bn

    ReplyDelete

"БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ" ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТЫН СЭДЭВ

Этүгэн их сургуулийн Инженерчлэл, Эдийн Засаг-Менежментийн Сургуулийн 2, 3-р ангийн оюутнуудад “Бизнесийн ёс зүй” хичээлээр судлах бие даа...