Thursday, September 6, 2018

ЛЕКЦ. БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ЗАРЧИМ


Этүгэн их сургуулийн хоёрдугаар курсын эрхэм оюутнуудын амрыг эрье. Энэ удаагийн “Бизнесийн ёс зүй” хичээлийн сэдэв бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага, түүний тухай ойлголт, зарчмын асуудалд төвлөрөх болно.
Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага гэх ойлголтын талаар судлаачид янз бүрийн байр суурь баримталдаг. Гэхдээ үүнийг нийтлэг шинж чанарт тулгуурлан дараах байдлаар тодорхойлж болох юм. Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага гэдэг нь сайн дурын үндсэн дээр улс орны нийгэм-эдийн засаг, улс төрийн амьдралд бизнесийн байгууллагын зүгээс тодорхой хувь нэмэр оруулах үйл явцыг хэлдэг. Зарим судлаачдын зүгээс бизнесийн байгууллага үйл ажиллагаа давуу талаа нэмэгдүүлж, дутагдталтай талаа багасган улс орны эдийн засгийн амьдралд тодорхой хувь нэмэр оруулах үйл явц мөн гэж тодорхойлсон байдаг.
Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын талаар хоёр томоохон үзэл баримтлал байна. Нэгдүгээрт, АНУ-д хөгжсөн гэх хандлага байна. Ашиг олохын хэрээр нийгмийн хариуцлага хүлээх үүрэг өндөрсөнө гэж энэ хандлагад үздэг. Бизнесийн байгууллагын эцсийн зорилго нь ашиг олох явдал учир үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд нийгмийн наад захын хариуцлага үүрэглэх ёстой гэж үзнэ.
Хоёр дахь нь Европын гэх хандлага байна. Бизнесийн байгууллага эдийн засгийн зорилтоос гадна нийгмийн зорилтыг давхар хэрэгжүүлэх ёстой. Учир нь ингэсний үр дүнд нийгмийн хариуцлагын тухай бүрэн дүүрэн ойлголт төлөвшинө. “Ашгийг үйл ажиллагааны эцсийн зорилгоо болгосон бизнес хэзээ нэгэн цагт мөхдөг жамтай” хэмээн Форд Моторс компаны захирал асан Хэнри Форд өгүүлсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын тухай асуудалд дэлхий дахин бүхэлдээ анхаарал хандуулж, энэ чиглэлийн ажилд түлхүү ач холбогдол үзүүлэх болсон.
Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага хэрхэн төлөвшиж ирсэн тухайд дараах хэд хэдэн үе шатыг дамжсан гэж үздэг. Үүнд:
Нэгдүгээр үе. Балар эртний үеэс эрт үеийн төгсгөл хүртэлх үе багтана. Цаг хугацаагаар баримжаалбал одоогоос 2000 орчим жилийн өмнөх үеийг хамруулан авч үздэг байна. Худалдаа, наймаа эрхлэгчдийг хатуу чангаар гэсгээдэг, тэднийг дорчилон үзэх хандлага ноёрхож байсан үе.
Хоёрдугаар үе. Цаг хугацаагаар баримжаалбал 900-1500 он буюу дундад эртний үеийг нэрлэдэг. Сүм хийд нийгмийн амьдралд хүчтэй нөлөөлөх болсны уршгаар худалдаа, арилжаа хийгчдийг нүд үзүүрлэн үзэх болсон. Гэсэн ч тэд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлж байсан.
Гуравдугаар үе. Бизнесийн нийгмийн хариуцлага төлөвшиж эхэлсэн үе. Цаг хугацаагаар баримжаалбал 1500-1800 оныг хамарч байсан. Худалдаа, арилжаа эрхлэхэд боловсролтой, сэхээтэн давхарга бий болж, нийгмийн хариуцлагаа ухамсарлах болсон явдал ихээр нөлөөлсөн байна. Ядуу иргэдэд туслах, тэдэнд тусламж дамжлэг үзүүлэх явдал ихэссэн.
Дөрөвдүгээр үе: Энэ үе нь 1800-1930-аад он хүртэл үргэлжилсэн. Бизнес эрхлэгчдийн нийгмийн байр суурь дээшилж, тэднийг жинхэнэ язгууртан хэмээн үзэх болсон. Чухам энэ үеэс бизнесийн нийгмийн хариуцлага гэх ойлголт жинхэнэ утгаараа төлөвшсөн. Үйлдвэрлэлийн хэмжээ, ажиллах хүчний мэдлэг чадвар дээшлэхийн хэрээр үйлдвэрлэл, үйлчилгээний чанар ч сайжирсан.
Тавдугаар үе. 1930 оноос өнөөг хүртэл үргэлжилж байна. Төр засгийн зүгээс бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд анхаарч бизнес урьд байгаагүй ихээр цэцэглэн хөгжих болсон. XX зууны 60, 70-аад оны үеэс хэрэглэгчдийн эрх ашиг, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн нийгмийн хөдөлгөөн идэвхжих болж, бизнесийн үйл ажиллагааны зорилго, чиглэл өөрчлөгдсөн байна.
Бизенсийн ёс зүйн нийгмийн хариуцлагын зарчимтай холбоотойгоор яригдах өөр нэг сэдэв нь зарчмын ангилал, төрлийн тухай ойлголт юм.
Бизнесийн нийгмийн хариуцлагын зарим нэг төрөл эрх зүйн шинж чанартай байх бөгөөд хууль тогтоомжийн хэлбэрээр илэрхийлэх тохиолдол байна. Үүнд:
·         Чанартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх:
·         Хуулийн хүрээнд ажлын байр бий болгож, тэдгээрт нийцүүлж ажилчдаа сургаж боловсруулах, хөрөнгийн туслалцаа үзүүлэх:
·         Хөдөлмөрийн, эдийн засгийн, татварын болон байгаль орчны гэх мэт хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх:
·         Үйл ажиллагааны үр ашгийг чухалчлах:
·         Ёс зүйн хэм хэмжээ, нийгмийн хүлээлтэд нийцүүлж үйл ажиллагаа явуулах:
·         Нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэх замаар улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах зэрэг болно.
НҮБ-ын баримтад бизнесийн нийгмийн хариуцлагыг дотоод, гадаад гэсэн хоёр төрөлд ангилан үзэх болсон талаар дурджээ.
Нийгмийн хариуцлагын дотоод хэлбэрт:
·         Ажлын байрны аюулгүй байдал:
·         Тогтвортой, харьцангуй өндөр хөдөлмөрийн хөлс:
·         Ажилчдад зориулсан нийгмийн болон эрүүл мэндийн баталгаа:
·         Ажилчдаа хөгжих, дэвших, ажлын байрандаа тасралтгүй хөгжих баталгаа бий болгох:
·         Хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолодолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргийг багтаасан байна.
Харин бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын гадаад хэлбэрт
·         Нийгмийн сайн санааны үйлсэд оролцох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх:
·         Хүрээлэн буй орчноо хадгалж, хамгаалах талаар ажиллах:
·         Хэрэглэгчдийн өмнө хариуцлага хүлээх, үүрэглэх:
·         Орон нутгийн эрх мэдлийн болон бусад байгууллагатай хамтран ажиллах зэргийг багтаасан байна.
Үүнээс гадна зарим судлаачид хамтын нийгмийн хариуцлага гурван түвшинд байхыг дурдсан байна.
Бизнесийн нийгмийн хариуцлагыг практикт ихэвчлэн эдийн засгийн, байгаль орчны, нийгмийн гэх гурван талаас авч үзэж судалдаг байна.
Мөн нийгмийн хариуцлагыг агуулгын талаас эдийн засгийн, хууль эрх зүйн, ёс зүйн, сайн үйлсийн хэмээн ангилан авч үздэг байна. Дэлгэрэнгүйг лекцийн хүрээнд танхимын сургалтаар авч үзсэн тул нуршин өгүүлэхийг урьтал болгосонгүй. Эрхэм оюутнууд хичээн судлах буйзаа (Оюунчимэг 2012, 198-226).

Ашигласан эх сурвалж

Оюунчимэг, Б. Бизнесийн ёс зүй: Сурах бичиг. Нэмж засварласан хоёр дахь хэвлэл, Улаанбаатар хот : "Сод Пресс" ХХК, 2012.

БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
БИЧВЭРТЭЭ ХОЛБОО БҮХИЙ АСУУДЛААР НЭМЖ ТОДОТГОХ ЗҮЙЛ БУЙ АВААС otgonbayar.n@etugen.edu.mn ЦАХИМ ШУУДАНГААР ХАНДАХЫГ ХҮСНЭ.

1 comment:

  1. "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

    ReplyDelete

"БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ" ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТЫН СЭДЭВ

Этүгэн их сургуулийн Инженерчлэл, Эдийн Засаг-Менежментийн Сургуулийн 2, 3-р ангийн оюутнуудад “Бизнесийн ёс зүй” хичээлээр судлах бие даа...