Monday, February 26, 2018

БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ ДЭХ ЛОУРЕНС КОЛЬБЕРГИЙН БИЕ ХҮНИЙ ЁС СУРТАХУУНЫ ХӨГЖЛИЙН ОНОЛ


Орчин үед бизнесийн ёс зүйн хүрээнд хөндөх болсон томоохон асуудлын нэг нь бие хүний ёс суртахууны хөгжил, түүний үе шатын тухай ойлголт болно. Хорьдугаар зууны эхээр Америкийн сэтгэл зүйч Жеймс Марк Болдуин, Уилям Маг-Дугалл нар бие хүний ёс суртахууны хөгжил хэмээх ойлголтыг бий болгож, өргөн хүрээтэй судалгааны ажил эхлүүлсэн байдаг. Ингэхдээ тэд эргэлтийн хариу үйлдэл хэмээх ойлголтыг бий болгож, бие хүний ёс суртахууны хөгжил төлөвшил амьд организм, хүрээлэн буй орчны харилцан үйлчлэлийн хүрээнд шийдвэрлэгддэг болохыг тогтоосон байна. Энэ чиглэлийн судалгааны хөгжилд Швейцарийн сэтгэл зүйч Жан Пиажэ онцгой хувь нэмэр оруулсан байдаг. Хожмын олон судлаачид Жан Пиажэгийн сургаалд тулгуурлан өөрсдийн үзэл санааг хөгжүүлсэн байдаг. Тэдгээрийн нэг нь Харвардын их сургуулийн дэргэдэх Бизнесийн сургуулийн сэтгэл судлалын ухааны профессор Лоуренс Кольберг (Lawrence Kohlberg, 1927-1987) болно. Хөгжлийн сэтгэл судлалын салбарын томоохон мэргэжилтэн тэрээр бие хүний ёс суртахууны хөгжлийн үе шатын онолыг боловсруулсан байна.
Бизнесийн ёс зүйд гаргасан түүний үндсэн санаа нь бие хүний ёс суртахууны төлөвшлөө олсон хүн бизнесийн салбарт амжилт гаргадаг гэж үзсэнд оршино.
Лоуренс Кольберг 1927 оны аравдугаар сарын 25 нд Америкийн Нью-Йорк хотоос 15 милийн зайтай орших Бронксвилль хотод германы цагаач Алфрэд Кольберг, Шарлотта Альбрехт нарын гэрт мэндэлжээ. Бага наснаас хүнд хэцүү амьдрал туулсан түүний туршлага хожмоо Кольбергийн үзэл санаанд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн байна. 1949 онд Чикаго их сургуульд философийн ухааны бакалавр, 1958 онд магистрын зэрэг хамгаалсан. 1958-1959 онуудад Бостоны хүүхдийн эрүүл мэндийн төвд ажилласан бол 1959-1961 онуудад Йелийн их сургуульд туслах профессор, 1961-1962 онд Чикаго их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, 1968-1987 онуудад Харвардын их сургуулийн профессороор ажилласан байна. Тэрээр 1987 оны нэгдүгээр сарын 19 нд бие барсан.
Бие хүний зан үйл гадаад, дотоод дүрэм, журам, хэм хэмжээний нөлөөн дор бүрэлдэн төлөвшлөө олдог. Ёс суртахууны хэм хэмжээ төлөвшлөө олохын хэрээр бие хүний үйл ажиллагааны дотоод зохицуулалт болж хувирдаг байна. Олон жилийн судалгааны явцад Кольберг бие хүний ёс суртахууны хөгжлийн үйл явц дараах зургаан үндсэн үе шаттай байдгийг тогтоосон байна. Зургаан үе шатаа ерөнхий шинж чанараар нь хэлцлийн өмнөх, хэлцлийн, хэлцлийн дараах гэсэн гурван хэсэгт хуваасан байсан байна. Хэлцлийн өмнөх үе шат бага болон өсвөр насанд бий болдог бол хэлцлийн үе идэр насанд, хэлцлийн дараах үе хижээл насанд бий болдогийг тогтоосон байна.
Нэгдүгээрт, бусдын шийтгэл, зэмлэлээс зайлсхийхын тулд өөрийн үйлдэлд ёс суртахууны хэм хэмжээг даган мөрдөх үе байна.
Хоёрдугаарт, хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдэлд ёс суртахууны хэм хэмжээг даган мөрдөх үе байна.
Гуравдугаарт, бусдад сайшаагдахын тулд өөрийн үйлдэлд ёс суртахууны хэм  хэмжээг даган мөрдөх үе байна.
Дөрөвдүгээрт, хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрүүлэх үүднээс өөрийн үйлдэлд ёс суртахууны хэм хэмжээг даган мөрдөх үе байна.
Тавдугаарт, бусдын анхаарлыг татахын тулд өөрийн үйлдэлд ёс суртахууны хэм хэмжээг даган мөрдөх үе байна.
Зургаадугаарт, ёс зүйн нийтлэг үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч сайн дураараа ёс суртахууны хэм хэмжээг хүлээн авах үе гэж байна. Кольбергийн үндсэн санаа нь ёс суртахууны хувьд бүрэн төлөвшлөө олсон хүн бизнесийн салбарт амжилт гаргах магадлал өндөр байдаг гэж үзсэнд оршино.
БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

"БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ" ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТЫН СЭДЭВ

Этүгэн их сургуулийн Инженерчлэл, Эдийн Засаг-Менежментийн Сургуулийн 2, 3-р ангийн оюутнуудад “Бизнесийн ёс зүй” хичээлээр судлах бие даа...